Сумын наадам
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзээд
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаж бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хагацалд бас л дахин зовоохоор
Хадамд гарсан бэртэй хүнээс далдуур учруулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уушиг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзгийг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай минь хөөрхий
Богширон жиргэх мөчиргүй болжмор шувуухай хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаж бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү