Үүр шөнийн нулимс
Алиахан зантай бүсгүй чамайгаа
Алаглан найгах цэцэг тоолон хүлээдэг ээ
Хорвоод цэцэг ургаж л байхын бол
Хонгор минь намайгаа хүлээж байгаа гэж бодоорой
Ажилсаг шаавай хүүхэн чамайгаа
Агаар тэнгэрийн одод тоолон хүлээдэг ээ
Хурмастад одод түгэж л байхын бол
Хувиршгүй сэтгэлээр хүлээж яваа гэж бодоорой
Нарийхан ишэн дээрээ цэцэгс алаглаад
Намуухан сэвшээнд толгой найгуулан ганханаа
Ай тэд чинь миний сэтгэлийн гунигийг
Аясын салхинаас сонсоод өрөвдөж байгаа нь тэр дээ
Намираа бороо гэрийн чинь дээврийг дэлдээд
Найланхай чамайг үүрийн шөнөөр сэрээв үү
Янагаа мөрөөдөн нойргүй шаналах намайгаа
Ялгуун одод мэдээд уйлж байгаа нь энэ ээ
Завсар орсон хоёр сэтгэлийг нь болбол
Загасны цавуугаар наалтай ч биш дээ хонгор минь
Зан нийлээгүй хүний үрийг царайчлаад
Замбуу тивийг орхилтой биш дээ хорвоо минь дээ