Ааваа зорино

Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

Дх: Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очно би

Хангайн уулсын оргилыг харахаар
Хайртай ааваа санагалзах юм би
Харз усны тунгалгийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм

Дх:

Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа

Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очно
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та

Facebook Twitter Google Plus