Тамирын голын бүсгүй
Харсан хүн гайхуулмаар тамирын голын бүсгүй минь
Харцаараа зөөлөн инээсэн даруухан эгэл төрхтэй еэ
Хажууд нь зүгээр суугаад удаан удаан саатмаар
Хайрыг нэг л татсан дөлгөөхөн хонгор ааштай бүсгүй еэ
Хайрын мөнгөн угалзыг мэтгэж суухсан чамтайгаа
Хан хорвоог уяртал дуулахсан даа чамайгаа
Уулзсан хүн яримаар тамирын голын бүсгүй минь
Урдаас минь хааяа харахдаа ичингүйхэн нэг л янзтай
Сэмхэн хааяа хараад нууцхан нууцхан догдолмоор
Сэтгэл нэг л хөглөсөн сэргэлэн хонгор ааштай бүсгүй еэ
Зүүдэлсэн хүн дуулмаар тамирын голын бүсгүй минь
Зүрхийг минь уяраан догдлуулсан сэтгэлд дотно аальтай яа
Болзоонд чамайг уриад хүлээн хүлээн догдолмоор
Бодолд нэг л эрхэлсэн ботгон хархан нүдтэй бүсгүй еэ