Нууцхан сэтгэлийн үнэн
Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшгээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ би
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм даа
Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу? яагаа бол
Унаж босож тэмчиж үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг гэгээн өвгөдийн ариун ёсонд таацаа юм болов уу?
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм даа
Урсах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөөс
Мянган хоног зүрх шархалж нэг л гундуу гэлдэргэм биш үү би
Эргэх нэгээхэн цаг доор хөх Монгол минь жаргалын нартай мандваас
Айсуй буман өдрөө тайван амгалан уужим тэнэгэр алханам биш үү би
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм даа
Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа
Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа