Зүүдэнд ирдэг Урангоо

Зүлэг ногоорох судгаар нь

Цасны шар ус гүйгээд

Нүүдлийн цэнхэр тогоруу

Дэрсээ гэгэлзүүлж буух юм аа

Нутгийн хөхөлбий хөндийд

Зэрэглээн гүйдэл тодроод

Нуга амгалан сэтгэлийн

Нууцхан гунигийг сэргээх юм аа

Дэлгэр тайван нутагт минь

Хавар ирэх нь энэ үү дээ

Дэрвээн сормууст Урангоо ээ

Дэнсэлж догдлоод яачихаа вэ

Гөрөөс янзагалах бүрдээр нь

ногооны униар тунараад

Гүйгүүл холын ажнай

хөрвөөн босоод шилгээх юм аа

Зөөлөн илбэх салхиар

цэцгийн дэлбээ дэлгэрээд

Зөн амгалан сэтгэлийн

хөнгөн гуниг сэмлэх юм аа

Нуур нь хонгортох нутагт минь

Хавар ирэх нь энэ үү дээ

Нуугдаж хармаар Урангоо ээ

Нууцхан догдлоод хаачих нь вэ

Нөмгөн цэнхэр борооноор

Үүлэн солонго татаад

Нөмөр энгэрийн нарандаа

бүжин унтаж амрах юм аа

Хүслийн гэгээн алсад

мөрөөдлийн дуун эгшиглээд

Хүж амгалан сэтгэлийн

нууцхан гуниг сэмлэх юм аа

Зүйрлэх ижилгүй нутагт минь

Хавар ирэх нь энэ үү дээ

Зүүдэнд ирдэг Урангоо ээ

Зүүсгэл бэлтгээд хаачих нь вэ

Зүйрлэх ижилгүй нутагт минь

Хавар ирэх нь энэ үү дээ

Зүүдэнд ирдэг Урангоо ээ

Зүүсгэл бэлтгээд хаачих нь вэ

 

Facebook Twitter Google Plus