Элбэрэл
Өхөөрдөн энхрийлэн даахийг минь үнэрлэн
Өвөр дээрээ бөөцийлөн эрхлүүлж
Өөжин дээр минь эсгийгээр үнэг хайчлан домносон
Өвгөн буурал аав таныгаа
Хөх цэнхэр хан хурмастын
Хөвөөгүй уудамтай зүйрлэе юү
Хатуу боловч үнэн үгээр ухааруулдаг зангий тань
Халуун нартай зүйрлэе юү
Замилангийн жамыг дагаад
Зайлуул даа та минь ядраа юу
Тэнэгэр цагаан хадаг юугаа мөнгөн аяга сүүтэйгээ
Тэргүүн мэхийн өргөе өө
Өвлийн хүйтэн шөнөөр өр зүрхээрээ төөнөн байж
Өчнөөн хуурайлж мөөмөө хөхүүлсэн
Өөдсийн чинээ хүүдээ нарны цацраг атгуулсан
Өрөвч цайлган ээж таныгаа
Өглөөний шүүдэр сувдрах
Өвч ногоон дэлхийтэй зүйрлэе юү
Үрээ гэсэндээ асгаруулсан үнэтэй нулимсыг тань
Үерийн устай зүйрлэе юү
Хөөрхий дөө та минь зүдрээ юү
Хөлийг тань хүү нь хучъя даа
Өтгөн шаргал цай юугаа аяга юундаа дүүргээд
Өвдөг сөгдөн барья даа
Өтөлж дээ хоёр буурай минь
Өсгөсөн хүү нь өргөе дөө
Танхил үрийн хайр юугаа сэтгэл юундаа тээгээд
Та хоёрыгоо дээдлэе дээ