Өнчин улиас
Ууж идэж согтож чадахгүй бол
Ухаанаа алдтал архийг бүү уугаарай
Унаган биеийг чинь төрүүлж өсгөхдөө
Ухаант ээж чинь архиар угжаагүй нь лавтай
Хэлэхийн төдий магтаалын цөөхөн үгэнд
Хэтэрхий их баярлаж биеэ бүү тоо
Хичнээн дээгүүр нэр цуу чинь мандавч
Хэдэн нөхдөөсөө холдож бүү салаарай
Арван хэдхэн хоногийн өмнө танилцаад
Авгай авлаа гэж ээждээ бүү хэлээрэй
Амьдрал зохиож чадахгүй л юм бол
Айлын охиныг орцонд нь хүргээд өг
Өөдрөг амьдарч яваа найздаа атаархаж
Улыг нь шагайж хүнд муу хэлээд юу хийнэ
Өөдгүй муу атаархуу зангаасаа болж
Өнчин улиас шиг ганцаараа үлдэхвий
Өнөөдөр чамайг жаргаж цалгиж явахад
Үүрдийн ч юм шиг найз нөхөд олон байвч
Уруудаж доройтож зовох үед чинь
Өөрийн чинь ээжээс үнэнч хань олдохгүй