Залуу нас
Хөрстийн амьдралд хол алдсан
Хөлчүүхэн зүрхний тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь
Орчлон гэдэг оосор бүчгүй юм аа
Оноо алдаа хоёрын үзүүр харагдаагүй
Олон даваатай хувь заяаны замаараа
Оочиж боссоор маргааш руу зүтгэсэн
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяараа ерөөлгөх өдөр ирдэг юм
Унаган багын цэцэг жимст зам
Ус гаталж, уул давсан зам
Улаан галыг зүсээд гарсан зам
Урд минь биш хойно минь зурайжээ
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяараа ерөөлгөх өдөр ирдэг юм
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяараа ерөөлгөх өдөр ирдэг юм